English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Хэлсэн үг, илтгэлүүд
АНУ-ын Энхтайваны корпуст хүүхэд залуучуудын 8 шинэ ажилтан ирлээ
9 өдөр 18 цагийн өмнө
    АНУ-ын Энх тайваны корпус 21 дэх удаагийн сайн дурын ажилтнуудаа хүлээн авч, ажилд нь оруулсан бөгөөд сайн дурын ажилтнууд өнгөрсөн долоо хоногт тангарагаа өргөлөө.
    Энэ удаагийн багаас  8 сайн дурын ажилтан хүүхэд залуучуудын чиглэлээр ажиллах ба эдгээрээс зарим нь Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгийн Хүүхдийн төлөө хэлтэст ажиллахаар болсон юм.

     Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын дарга М.Тогтохням оролцож үг хэллээ.


дэлгэрэнгүй
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд зориулан илгээсэн Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
3 сар 4 өдрийн өмнө

  “Нарны хаан” хүүхэд багачууд, хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр-хүүхдийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

    Жил бүрийн энэ өдөр хүүхдийн инээд хөөр, баяр баясал дүүрэн байж, аз жаргалын дуунд нь эцэг эхчүүд бид амьдралын шинэ эрч хүч, ундрагаар ивээгддэг билээ.

    Хүүхдээ зөв хүмүүжүүлэх, нас, бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх нь эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай. Иймд төр засаг, шийдвэр гаргагчдаасаа эхлэн байгууллага, хамт олон, эцэг эх, хүүхэд бүр эрүүл аюулгүй орчин, зөв зан үйлийг дээдэлж хэвшил болгох нь чухал юм. 

    Тиймээс ч  хүүхэд бүх талаар хамгаалагдсан орчинг бүрдүүлэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегитай болохоор Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлээд байна. Өнөөдөр гэр бүл, аж амьдралынхаа төлөө ачааны хүндийг үүрч яваа хүүхдүүд цөөнгүй бий. Тэдний зовлон бэрхшээлийг хөнгөлөх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд төр засаг, эцэг эхчүүд, иргэн бүрийн хариуцлага гол үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд хамгааллын бодлого хүнд хүчир амьдралын ачааг үүрч, зовлон, бэрхшээлийг туулж яваа хүүхдүүдийг нэн тэргүүнд хамгаалахад чиглэгдэх учиртай.

    Монголын хүүхдүүд үндэсний хоёрдугаар чуулганаа хуралдуулж, санал дүгнэлтээ Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлд танилцууллаа. Хүүхдүүд маань олон чухал саналыг дэвшүүлсэн бөгөөд хүүхэд бүр хөгжих тэгш боломжтой байхыг төр, засгаасаа хүсчээ. Хүүхэд багачууд та бүхнийхээ үнэтэй саналыг үндэслэн “Хүүхдийн хөгжлийг дэмжих” талаар Засгийн газраас шийдвэр гаргаж хэрэгжүүлэх болно.   

    2010 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан хүүхдийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл хийх гарааг эхлүүлнэ. Хүүхдийн хөгжил гэр бүлтэй салшгүй холбоотой. Тийм ч учраас хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогод  гэр бүлийн хөгжил чухал байр суурийг эзэлж, нягт уялдсан байх учиртай.

    Монгол орны хүн амын зонхилох хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тэд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэг том баталгаа. Хүүхэд “асуудал бэрхшээл” биш “хөгжлийн гарц” гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

    Харин аав, ээж, ах эгч, өвөө эмээ, багш нарынхаа хайр халамжийг хүртэж, ирээдүйдээ хүсэн тэмүүлж, шинийг сурч мэдэхийг хичээж, энэрэнгүй үйлсэд идэвхи санаачлагатай оролцож, байгаль орчин, эрүүл мэндээ сахин хамгаалах нь хүүхдүүд Та бүхний үүрэг юм шүү.

    Эрхэм дүү нартаа сануулахад авъяас чадвараа нээн илрүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлж, эх орондоо хэрэгтэй иргэн болон төлөвшихийг сургаж зөвлөе.

    Өдөр бүр өнөөдрийнх шиг баяр баясгалантай, хүүхдүүд айх аюулгүй, эмээх зүйлгүй, эсэн мэнд өсч хүмүүжиж, Монгол орноо дэлхийн дайтай авч явах иргэд болон хөгжих болтугай.

     Улс үндэстний маань хөгжлийн саруул ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхий сайд,
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн


С.Батболд
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДАРГА М.ТОГТОХНЯМЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ
3 сар 12 өдрийн өмнө
Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх (2010-2015) стратеги

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн эрхэм хүндэт гишүүд, удирдлагууд аа,
Хүндэт зочид, ноёд, хатагтай нар аа,

    Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэж, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих, бэхжүүлэхэд чиглэсэн үндэсний бодлого, хууль тогтоомжоо уг конвенцийн үзэл санаанд нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэгжүүлжсээр 2 арван жилийг үдээд байна.
    Энэхүү конвенцийн хүрээнд хүлээсэн нэг гол үүрэг /ХЭК-ын 19-р зүйл/ нь хүүхэд хамгааллын таатай орчин бүрдүүлэх явдал бөгөөд энэ ойлголт нь нийгмийн өөрчлөлтийн явцад улам бүр хөгжиж, үзэл санаа, түүнийг хэрэгжүүлэх стратеги, арга зүй нь баяжсаар байна.
дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” ҮНДЭСНИЙ II ИХ ЧУУЛГАНЫ ШИЙДВЭР
3 сар 18 өдрийн өмнө
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний
85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан
“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” ҮНДЭСНИЙ II ИХ ЧУУЛГАНЫ ШИЙДВЭР


      Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, түүний нэмэлт протоколуудын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайлан илтгэлүүдэд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх арга замын талаар “Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулганаар хэлэлцээд ШИЙДВЭРЛЭХ НЬ:
дэлгэрэнгүй
“Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулганы хэлэлцүүлгийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
3 сар 18 өдрийн өмнө

Энэ танхимын хамгийн хүндтэй зочид- эрхэм хүндэт хүүхэд, багачууд аа
УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд, зочид оо
Хүүхдийн дотнын анд-нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, хүүхдийн байгууллага,
хөдөлгөөний үе үеийн ажилтнууд, ахмадууд аа
Эрхэмсэг хатагтай, ноёд оо

     Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна.
    Хүүхэд, өсвөр үеийнхэндээ болон хүүхдийн байгууллага, хөдөлгөөний ажилтнууд тэдэнтэй хамтран ажилладаг бүх хүнд Монголын хүүхдийн байгууллагын 85 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
    Хүүхдүүд өөрийн болон найз нөхдийнхөө эрхийг хамгаалах, сурч, боловсрох, хөгжих  зорилгоор эвлэлдэн нэгдэх нь хүний жам ёсны эрхийн салшгүй нэг хэсэг учир бид ямагт хүндэтгэлтэйгээр хандаж, дэмжих учиртай.
Монголын  хүүхдийн байгууллага, хөдөлгөөн нь хүүхэд залуусыг амьдралд бэлтгэх, хөгжүүлэх, эрхийг нь хамгаалах  үндсэн зорилгоо  амжилттай хэрэгжүүлж,  нийгэм, цаг үедээ  үр  нөлөөгөө  үзүүлж, бие хүний хөгжил төлөвшилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна. 
     Монгол Улсад хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хөгжүүлэх эрхэм зорилготой бид ирээдүй хойч өсвөр үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, бусдад туслах сэтгэлтэй, нийгмийн хариуцлагатай, өөрийн үзэл бодолтой болгон төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр   НҮБ-ын конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон анхны улс орнуудын нэг билээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн тухай конвенц Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа талаар бидний илтгэлийг  хэлэлцээд ээлжит дүгнэлт зөвлөмжөө ирүүллээ.
     Энэ чуулган НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудалд илүү анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй болон, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг  өргөнөөр оролцуулах боломж олгож байгаагаараа өмнөх чуулгануудаас онцлогтой бөгөөд ач холбогдолтой болж байна.
    “Монголын хүүхдүүд” үндэсний  чуулганыг хүүхдүүд өөрсдөө санаачлан,  удирдан зохион байгуулж байгаад бид сэтгэл хангалуун байна.
     Төрийн ордны их танхимд хүүхдүүд чуулганаа хэрхэн зохион байгуулж байгааг өргөн олон түмэн харж байна. Хүүхдүүдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудалд хандах зөв хандлага, сэтгэн бодож мэтгэлцэх, манлайлах ур чадвар хэрхэн хөгжин төлөвшиж байгааг харахад хойчийг залгамжлах өсвөр үеэрээ бид бахархаж байна.
    
     Чуулганыг зохион байгуулахад  бүх талын тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн, Италийн Засгийн газрын бус “Айфо”, Английн “Go Help” зэрэг олон улсын байгууллага,  Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
     Хоёр жилийн өмнө хүүхдүүдтэй уулзаж ярилцахад ярьж байсан асуудал, тавьж байгаа санал агуулгын болон хандлагын хувьд эрс өөрчлөгдсөн байна.
     Хүүхдүүд бэлэн зүйлийг бусдаас нэхэх, хөрөнгө мөнгө хүсэх байдалтай ханддаг байснаа өнөөдөр мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсрол, оюунаа хөгжүүлэх, хүнлэг сэтгэл, зөв хүмүүжил төлөвшлийг чухалчилж байна.
      Хүүхдүүд гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлага, үлгэр жишээч байдал, хүүхдээ асран хүмүүжүүлэх байдалд  шүүмжлэлтэй хандаж байна.  Түүнийг засах арга замын талаар тодорхой санал хэлж байна. Тухайлбал

Салбар хуралдааны илтгэлүүдэд:
1.Хүүхдийн эрхийн тухай конвенцийн агуулгыг өргөн хэлбэрээр сурталчилж, ялангуяа эцэг эхэд зориулсан “Ажлын байр”-ны сургалтаар тэдний хүүхдэд хандах мэдлэг хандлагыг өөрчлөхийг;
2.Хүүхдийг ялгаварлан гадуурхах, дорд үзэх байдал түгээмэл, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх хуулийн заалт хэрэгждэггүй, эрүүл аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах эрх хангагдахгүй, хүүхдийн үзэл бодлыг үл хүндэтгэх нь түгээмэл байгааг;
3. Хүүхдүүд зохистой мэдээлэл олж авах боломж хомс, эцэг эх, сургууль багш нарын зүгээс хүүхдийг зодож шийтгэх, хүчирхийллийн аргаар хүмүүжүүлэх  арга давамгайлж байгааг;
4. Зарим гэр бүлийн орчин, нөхцөл хүүхдэд таатай бус байгаагаас  хүүхдийг гудамж руу түлхэж, гэр бүлээс хөндийрүүлж , хүүхдийг гэр бүлийн орчинд бус хүмүүжүүлэх, асрамжлах ородлого нь төдийлөн амжилтанд хүрэгүй байгааг ;
5. Хүүхдийн эрүүл мэндийн байдал, ялангуяа хөгжлийн бэхшээлтэй хүүхдүүдийн амьдрах хөгжих таатай орчин дутагдсаар байгааг;
6. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх хандлагыг зөв төлөвшүүлэх шаардлагатай байгааг ;
7. Онцгой нөхцөл байдал үүссэн үед хүүхдийг хамгаалах, тэдэнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа нь хүүхдийн эрхийг хохироход хүргэж байгаа зэрэгт шүүмжлэлтэй хандаж, ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж байна.

Эрхэм төлөөлөгчид, зочид оо
     Хүүхэд бүхэн элэг бүтэн амьдрал, чанартай  хоол хүнс, эрүүл бие, өргөн мэдлэг, унаган байгаль, ая тухтай ээлтэй орчин, эцэг эхийн зөв хандлагыг хүсч байна.
      Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн зохицуулалт хангалтгүй, хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилт сул, тэдэнд нэн шаардлагатай  нийгмийн үйлчилгээ  дутмаг,   хүүхдийн хамт олныг дэмжих нөөц хомс, хүүхдэд дарамт хүчирхийлэл, осол гэмтэлд өртөх эрсдэл их, хүүхдийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг санаа зовоосоор байна. Хүүхдэд үзүүлэх зөв нөлөө дутагдаж байгаа нь гэр бүл, сургууль, нийгмийн орчинтой холбоотой юм.
      Чуулганы индэр дээрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэдээлэл авах боломжийг өргөжүүлэх, хүүхдийг ялгаварлан гадуурхахыг зогсоох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан иж бүрэн үйлчилгээний төв хэрэгтэй байгааг хэллээ.
      Хүүхдүүд хөдөлмөр эрхэлж, сургуулиа орхих явдал цаашид үргэлжилж, хүүхдүүдийг хүнд хөдөлмөр рүү түлхэж байгаа шалтгааныг таслан зогсоох талаар нийгмээс шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байгааг харуулж байна.   
      Чуулганы өмнөхөн хүүхдийн төлөө ажилладаг төрийн бус бйагууллагын төлөөлөгч нартай уулзаад бид цаашид хамтран ажиллахаар тохиролцсонд сэтгэл ханамжтай байна. 
      Хүүхдэд тулгамдаад байгаа бүх асуудлыг  хамарсан Хүүхдийн эрхийн хорооны  зөвлөмж,  шүүмжлэлд Монгол Улсын Засгийн газар бодитой дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно.
      Энэ чуулганаас гарсан шийдвэр болон “Хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх бодолтой байна.

Хүүхдүүд ээ, Зочид оо
     Энэ чуулганы үр дүн хүүхдийн талаар баримтлах төрийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ бүх зүйлийг хэрэгжүүлэхэд Та бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлт, идэвх санаачилга ихээхэн нөлөөтэй гэдгийг ойлгож, хамтран ажиллахыг уриалж байна.

     Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе. 
   
     Хүүхэд бүхэн инээд хөөртэй, хүн бүхэн аз жаргалтай байх болтугай.

Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2