English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Стратеги, бүтэц
2010 оны тэргүүлэх чиглэл
7 сар 25 өдрийн өмнө
    Монгол Улсын Шадар сайдын 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 84 тоот тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Хүүхдийн төлөө газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн батлагдсан бөгөөд тус газар нь 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

    Хүүхдийн төлөө газар нь шинэ бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд "Хүүхдийн төлөө дэвшүүлсэн төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх" чиг үүрэгтэй Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, "Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах" чиг үүрэгтэй Захиргаа удирдлагын хэлтэс болон "Бодлогын хэрэгжилтийн үр дүнг хянах, мэдээллийн санг бэхжүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх" чиг үүрэгтэй Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулах юм.
  
     Үүнтэй уялдуулан 2010 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ дараах байдлаар тодорхойлж, олон нийт, иргэд, хүүхдүүдийн санал бодлыг тусгахаар нээлттэй хэлэлцүүлж байна.

дэлгэрэнгүй
Хүүхдийн төлөө үндэсний газрын стратеги, бүтэц
2 жил 5 сарын өмнө






МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ТОГТООЛ



2004 оны 9 дүгээр                                                                                                                                                                     Улаанбаатар
сарын 29-ний өдөр                                                                                 Дугаар 197                                                                            хот



Хүүхдийн төлөө үндэсний газрын
стратеги, бүтцийн өөрчлөлтийн
хөтөлбөр батлах тухай

   
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

    2. Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан стратегид тусгагдсан үзэл баримтлалыг үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан Засгийн газарт оруулахыг Шадар сайд Ч.Улаанд даалгасугай.




Монгол улсын Ерөнхий сайд                Ц.Элбэгдорж


Монгол улсын Шадар сайд                Ч.Улаан   










 Засгийн газрын 2004 оны 197 дугаар
 тогтоолын хавсралт


ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ХҮҮХДИЙН
ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

1.Оршил

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдсэн орны хувьд үндэсний хууль тогтоомжоо уг конвенцтэй уялдуулан шинэчлэх, хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх, хүүхдийн оролцоог дэмжих зэргээр ажиллаж байна. Манай улс хүүхдийн нийгмийн оролцоог дэмжих талаар олон жилийн туршлагатай бөгөөд энэ нь нийгэм, улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Хэдий тийм боловч Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон үйл явц нь хүүхдийн асуудлыг цогц байдлаар нь тусгайлан авч үзэж хэрэгтэй байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Английн хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага зэрэг хүүхдийн асуудлаар Засгийн газартай түншлэгч байгууллагын зөвлөмж, олон улсын болон үндэсний зөвлөхүүдийн хийсэн судалгаа, дүгнэлтээс үзвэл Хүүхдийн төлөө үндэсний газрын шинэ стратеги нь дараахь үндэслэл, шаардлагаас урган гарч байна:

Нэгдүгээрт, Хүүхэд, залуучууд нь нийт хүн амын дийлэнхийг эзэлдэг учир Засгийн газрын үйл ажиллагаа, хөрөнгийн ихээхэн хувь нь тэдэнд зориулагддаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн байдлыг Олон улсын хүүхдийн эрхийн хороонд тайлагнах ажил одоогийн байдлаар тогтвортой, зохицуулалттай хийгдэхгүй байна. Хүүхдийн эрхийг хангах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд зарим  салбарт амжилт олсон ч эмзэг бүлгийн хүүхдийн амьдралд бараг өөрчлөлт ороогүй байна. Яамд хоорондын үйл ажиллагаанд хүүхдийн асуудлаар зохицуулалт хийж, хяналт тавьдаг байгууллага байхгүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Эрүүл мэндийн болон Хууль зүй, дотоод хэргийн зэрэг яамдын чиг үүрэгт хүүхдийн асуудал хуваагдан орсон, зарим давхардал ч байна. Иймд Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах, яам, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих эрх бүхий байгууллага хэрэгтэй байна. Хүүхдийн асуудал яамдын дунд хуваагдаж байсан Азийн зарим орнууд Засгийн газрын танхимын статустай хүүхдийн төлөө үндэсний агентлаг буюу хороог байгуулан ажиллаж байгаа туршлага бий. 

Хоёрдугаарт, орон нутагт Хүүхдийн эрхийн тухай конвенци, үндэсний бодлого, хууль тогтоомж, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний болон дэд хөтөлбөр хэрэгжих механизмыг сайжруулах шаардлагатай байна. Аймаг, нийслэл, дүүргийн түвшинд ажилладаг Хүүхдийн төлөө зөвлөлийг чадавхижуулах, тэднийг мэргэжил арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангах мэргэжсэн байгууллагын үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газар хариуцах эрх зүй, зохион байгуулалтын орчин бүрдээгүй байна.

Гуравдугаарт, Хүүхэд, хүүхдийн эрхийн олон талт ажиллагааг уялдуулах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг байгуулан, Хүүхдийн төлөө үндэсний газрыг ажиллуулж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны хувьд Ерөнхий сайдын удирдлага дор, агентлагийн хувьд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд хоёрдмол удирдлагатай ажиллаж байна. Энэхүү удирдлагын хоёрдмол байдал нь Хүүхдийн төлөө үндэсний газрын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хянах үүргээ биелүүлэх захиргааны эрх мэдлийг нь сулруулж байна. Хүүхдийн төлөө үндэсний газрын бүтэц, байр суурийг шинэчилж чиг үүргээ нэг мөр биелүүлэх бололцоогоор хангахын тулд хоёрдмол удирдлагыг арилгаж Монгод Улсын шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба хэлбэрээр дагнан ажиллуулна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ч мөн илүү үр дүнтэй ажиллахаар зохион байгуулагдах хэрэгтэй байна.

Дөрөвдүгээрт, манай оронд хүүхдийн чиглэлээр ажиллаж буй олон улсын болон гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд зохицуулалт дутагдаж байгаа нь мөн нэг шийдвэрлэвэл зохих асуудал болж байна. Өнгөрсөн туршлагаас харахад хүүхдийн хөдөлмөр, хараа хяналтгүй, тахир дутуу, малчин хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй ажлыг зарцуулж буй хөрөнгөтэй нь харьцуулахад үр дүн нь бага байна. Тэдний үйл ажиллагаа нь асуудлын үндсэн шалтгааныг бус харин тэдний нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч байгаагаас хүүхдийн бусдаас хамааралтай байдлыг улам их болгож байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс илүү өргөн хүрээнд тогтвортой ажиллах бололцоотой, хүүхдийн талаархи нэгдсэн бодлогыг авч явах Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, түүний ажлын алба Хүүхдийн төлөө үндэсний газар энэ үүргийг гүйцэтгэх ёстой.

Тавдугаарт, шийдвэр гаргах бүх түвшинд хүүхдийн зохион байгуулалттай төлөөллийг оролцуулах боломж бүхий бүтэц бий болгож Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газар, орон нутгийн үйл ажиллагаанд нэвтрүүлбэл илүү их үр дүнд хүрэх болно. Энэ бүтцийг шийдвэр гаргах түвшингийн бүтэцтэй холбох үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газар гүйцэтгэнэ. Хүүхдийн оролцоог бүтцэд тусгах нь иргэний нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж, хүүхдийг ардчилсан нийгэмд идэвхитэй, бүтээлчээр оролцоход нь суралцуулж бэлтгэнэ. Хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдийн оролцооны байгууллагуудад арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг, бүх бүлгийн хүүхдүүд, түүний дотор эмзэг бүлгийн болон тахир дутуу хүүхдийн жинхэнэ гишүүнчлэл бүхий өөрийн удирдлагын байгууллага үүсэж бий болохыг идэвхитэй дэмждэг байгууллага байх болно.

Зургадугаарт, 2002-2010 онд хэрэгжих Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт Хүүхдийн төлөө үндэсний газрыг уг хөтөлбөрийн удирдлага, зохицуулалтыг хангах үндсэн үүрэг бүхий байгууллага гэж тодорхойлсон. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтэнд тавих хяналт-шинжилгээ, үнэлгээ, нэгдсэн тайлан мэдээ, мэдээлэл, хөтөлбөрийн үйл ажиллагааны уялдаа холбоо болон төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хангах, олон нийтийн оролцоог дэмжих, орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, түүнийг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт үнэлгээ хийх, нэгдсэн сургалт, судалгааг явуулах чиг үүргийг Хүүхдийн төлөө үндэсний газрын гүйцэтгэх ажил үүрэгт багтаажээ. Мөн хөтөлбөрт “хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах дээд удирдах байгууллага нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байна.” гэж заасан байна.

Дээрх үндэслэл, шаардлагыг хангалзан үзэж Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулсан болно.

2. Хүүхдийн төлөө үндэсний газрын байр суурь

    Хүүхдийн төлөө үндэсний газар нь Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба байна.

3. Хүүхдийн төлөө үндэсний газрын ерөнхий чиг үүрэг

Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны үүрэг гүйцэтгэх бөгөөд дараахи ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Төр, засгийн болон төрийн бус байгууллага, бусад байгууллагуудыг Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чадавхи бий болгох мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах;

Үндэсний түвшинд гарч байгаа бодлого, шийдвэрийг Хүүхдийн эрхийн тухай конвенцийн зарчимд тулгуурлан боловсруулах, Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс хүүхэдтэй холбогдсон бодлого, үйл ажиллагаа бүхий бүх байгууллагад нөлөөлөх;

Хүүхдийн өөрсдийн нь оролцоог идэвхижүүлэх, хэрэгцээтэй мэдээллээр хангах, чадвар суулгах замаар хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг чадавхижуулж бодлого, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;

Иргэний нийгмийг идэвхижүүлэх, хүүхдүүд өөрсдийгөө зохион байгуулж ирээдүйн амьдралын бүх салбарт оролцох бололцоо олгох нөхцөл бүрдүүлэх талаар мэдлэг бий болгох;

Олон улс, үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн болон насанд хүрэгчдийн холбогдох байгууллагуудыг тохиромжтой мэдээлэл харилцааны хэрэгслээр дамжуулан мэдээллээр хангах, монгол орны хүүхдүүдийн өнөөгийн болоод хэтийн эрх ашигт нэн тэргүүнд үйлчлэх.

4. Хэтийн төлөв

4.1. Монгол орны хүүхдүүдийн хэтийн төлөв

Монгол орны хүүхдүүд нийгэм, улс төр, соёлын үйл ажиллагаанд зохион байгуулалттай оролцох хүсэл тэмүүлэл болон хөгжлийн бүх хэрэгцээг нь урамшуулан дэмжсэн, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны эрхийг хангасан аюулгүй, ээлтэй орчинд амьдарна.

4.2. Хүүхдийн төлөө үндэсний газрын хэтийн төлөв

Хүүхдийн төлөө үндэсний газар нь хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүүхэд хамгааллыг баталгаажуулсан бодлого, хөтөлбөрийг боловсруулах; Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хянах ба үнэлэх, түншлэлийн үндсэн дээр хүүхдийн оролцоог дэмжих, хангах; тогтвортой, үр дүнтэй аргаар үүргээ гүйцэтгэх мэдлэг, хандлага, ур чадвар бүхий боловсон хүчинтэй төрийн захиргааны байгууллага байна.

5. Хүүхдийн төлөө үндэсний газрын эрхэм зорилго

Хүүхдийн төлөө үндэсний газрын эрхэм зорилго нь хүүхдийн өнөөгийн болон хэтийн хөгжил, хамгаалал, оролцоог дээдлэн хөгжүүлэх явдал мөн.

6. Үнэт зүйлс

6.1. Хүүхдийн эрх ашгийг эрхэмлэн дээдлэх;
6.2. Зохион байгуулалттай оролцох хүүхдийн эрхийг хангах;
6.3. Хүүхдийн дуу хоолойг сонсон, тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлж байх;
6.4. Хүнд сурталгүй, хөнгөн шуурхай үйлчлэх;
6.5. Хүүхдэд ээлтэй байгууллагын орчин бүрдүүлэх;
6.6. Насанд хүрэгчид ба хүүхдүүдийн дунд эрх тэгш, идэвхитэй оролцоо, тохиролцоонд үндэслэсэн хамтын ажиллагаатай байх;
6.7. Биеэ даасан, хөгжил дэвшлийг эрхэмлэсэн байгууллага байх;
6.8. Эрхэлсэн ажилдаа сонирхолтой, мэргэжлийн чадварлаг багаар үр дүнтэй, мэдрэмжтэй ажиллах;
6.9. Удирдах арга барил үнэнч энгийн, шудрага байх
6.10. Шинэчлэгч, санаачлагч байх;
6.11. Үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх.

7. Хүүхдийн төлөө үндэсний газрын стратегийн зорилтууд

    Хүүхдийн төлөө үндэсний газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
   
7.1. Стратегийн зорилт 1. Судалгаа, мэдээллийн үнэн бодит байдлыг шуурхай хангах замаар Хүүхдийн эрхийн тухай конвенци, хүүхдийн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг сайжруулах, түүний үр нөлөөг дээшлүүлэх;

    7.2. Стратегийн зорилт 2. Хүүхдийн эрхийн чиглэлээрх бодлого, шийдвэрийн үндэслэлийг Хүүхдийн эрхийн тухай конвенцид нийцүүлэх, орон нутаг дахь хүүхдийн нөхцөл байдлын талаар үндэсний болон орон нутгийн түвшинд, олон улсын байгууллагуудын хүрээнд мэдээлэх;
 
7.3. Стратегийн зорилт 3. Хүүхэдтэй холбоотой чиг үүрэг эрхэлдэг яамд, холбогдох байгууллагад чадавхи бий болгох, тэдэнд болон хүүхдийн асуудлаар мэргэжсэн алба болох аймаг, нийслэлийн хүүхдийн төлөө байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны хүүхэдтэй ажиллагсдад мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх замаар үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах, түүнчлэн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг чадваржуулах, мэдээллээр хангах замаар тэдний чадавхи, үр нөлөөг дээшлүүлэх, хамт олны оролцоо дэмжлэгт тулгуурлан хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх үр дүнтэй арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх улс орны чадавхийг бэхжүүлэх;

7.4. Стратегийн зорилт 4. Хүүхдийн болон хүүхдийн эрхийн талаархи мэдээллийг удирдах, харилцаа холбооны шинэ, үр дүнтэй аргыг хөгжүүлэх;

    7.5. Стратегийн зорилт 5. Засгийн газрын болон төрийн бус байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд тусгайлан зориулсан үр дүнтэй, тогтвортой ажиллагаа бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх;

    7.6. Стратегийн зорилт 6. Хүүхдийн төлөө үйл ажиллагааны хүн хүч, хөрөнгө нөөц, хүүхдэд зориулсан дэд бүтцийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бий болгох, хөрөнгө өсгөх үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө, аргыг боловсронгуй болгох;

7.7. Стратегийн зорилт 7. Хүүхдийн оролцоог хангасан, ялангуяа хүнд нөхцөл дэх хүүхдүүдийг өөрсдийнхээ сонголтоор харъяалагдах боломжийг бий болгож чадахуйц хүүхдийн (хүүхэд гишүүнчлэлтэй, хүүхдийн төлөө, хүүхдийн өөрийн удирдлагын) байгууллагыг дэмжих, тэтгэх, урамшуулах, шийдвэр гаргах түвшний бүтцэд хүүхдийн оролцоог тусгасан байхаар бүтцийг дахин өөрчлөн зохион байгуулах замаар хүүхдийн оролцоог бий болгох.
 
8. Стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээ

    Хүүхдийн төлөө үндэсний газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дор дурдсан үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлнэ:

     8.1. Стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

8.1.1. Хүүхдийн эрхийн тухай конвенц, олон улсын гэрээ, тунхаглалыг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх;

8.1.2. Хүүхдийн эрхийн тухай конвенц, бодлого, Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах үйл ажиллагааг тогтмолжуулах;

8.1.3. Хүүхдийн оролцоо, хүүхдийн талаар мэдээлэл цуглуулах, нэгтгэх оновчтой шалгуур тогтоон мэдээллийн сан бий болгох, түүнийг баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг тогтмолжуулах;

8.1.4. Бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, бодлогын шинжилгээ хийх;

8.1.5. Хүүхдийн эрхийн талаархи зөрчлийг илрүүлэн арилгах арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих.

8.2. Стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд: 

8.2.1. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн байр суурь, эрх мэдэл, чиг үүргийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
8.2.2. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал санаачлагыг өргөжүүлэх;

8.2.3. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

8.2.4. Хүүхдэд хамааралтай шийдвэр гаргахад тэдний өөрсдийн идэвхтэй, бүрэн оролцоог хангах эрх зүйн орчинг бий болгон хөгжүүлэх;

8.2.5. Хүүхдийг эдийн засгийн өсөлтийн сөрөг нөлөө, байгалийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрийг санаачлан боловсруулах, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх;

8.2.6. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах бодлогыг өргөжүүлэн хөгжүүлэх;

8.2.7. Шийдвэр гаргах түвшинд лобби хийх гол гол түншлэгч байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах; нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх бичил хамт олныг дэмжих;

8.2.8. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг дэмжих хууль эрх зүй, эдийн засаг, улс төрийн орчин бүрдүүлэх;

8.2.9. Хүүхдийн өөрийн удирдлагын болон хүүхдийн байгууллагын гадаад харилцааг бэхжүүлэх;

8.2.10. Хүүхэдтэй болон хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллагыг орчиноо хүүхдэд ээлтэй болгон тохижуулах ажлыг сурталчилах;

8.2.11. Хүүхэдтэй ажиллах сонирхол бүхий олон нийтийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж чадахуйц стратеги боловсруулах, түүнийг сурталчлах.

8.3. Стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

8.3.1. Хүүхдийн төлөө үндэсний газрын чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоод, гадаадын сургалтын байгууллагатай түншлэлийг өргөжүүлэх;

8.3.2. Хүүхдийн төлөө үндэсний газрыг суралцагч байгууллага болгох нөхцөл бололцоог бий болгох;
8.3.3. Хүүхдийн асуудал эрхэлсэн яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах механизм бий болгох, түншлэлийн арга хэлбэрийг боловсронгуй болгох;

8.3.4. Хүүхдийн байгууллагад ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулах, бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, ажилтнуудыг тогтвортой ажиллуулах журам бий болгон хөгжүүлэх;

8.3.5. Хүүхдийн төлөө байгууллагад ажилладаг насанд хүрэгчдийн ёс зүйн дүрмийг хуульд заасны дагуу баталж нийтээр дагаж мөрдүүлэх;

8.3.6. Аймаг, нийслэлийн хүүхдийн төлөө төв, сум, дүүргийн хүүхдийн ажилтны чадавхи бий болгох, хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, боловсронгуй болгох;

8.3.7. Баг, хорооны түвшинд хүүхдийн элч/нөхөр, дотнын зөвлөгч зэрэг сайн дурын ажилтны эгнээг өргөтгөн чадавхи бий болгох, тэдний гүйцэтгэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг үе шатаар тогтоон хэрэгжүүлэх;

8.3.8. Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын хөгжил, үйл ажиллагаанд зөвлөлгөө өгөх чадавхи бүхий үндэсний болон орон нутгийн сайн дурын зөвлөхүүд бий болгох нөхцлийг бүрдүүлэх;

8.3.9. Олон улсын байгууллага, гадаад орон, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгийг орон нутгийн хүүхдийн төлөө болон хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын чадавхи бий болгоход чиглүүлэх;

8.3.10. Хүүхдийн эрхийн асуудлаар сургалт зохион явуулах;

8.3.11. Хүүхэд судлалын институт, оюуны сан бий болгох;

8.3.12. Хүүхдийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч /омбудсмэн/ бий болгох асуудлыг судлах, шаардлагатай бол эрх зүйн орчинг бий болгох.

8.4. Стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:  

8.4.1. Хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагатай мэдээлэл солилцох, цуглуулах, боловсруулах механизмыг боловсронгуй болгох;

8.4.2. Компьютерийн мэдээллийн сүлжээ болон вэб хуудас нээн ажиллуулах, Засгийн газрын мэдээллийн системд холбогдох;
8.4.3. Бодлого, хөтөлбөрийн хүүхдэд хэрхэн тусаж байгаа байдал, түүний үр нөлөөг үнэлж байх тогтвортой ажиллах арга хэлбэрийг бий болгон хөгжүүлэх;

8.4.4. Хүүхдийн талаар системтэй судалгаа хийх, эрэл хайгуул хийх ажлыг дэмжих, өрнүүлэх;

8.4.5. Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг онцгойлон авч үзэн тодорхой сэдвийн дор судалгаа хийх;

8.4.6. Хүүхдийн нийгмийн хамгаалал, хүүхдийн эрхийн холбогдол бүхий номын сан, мэдээллийн төвийг бий болгож, тогтмол ажиллуулах;

8.4.7. Хүүхдийн аж байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар мэдээлэл цуглуулах, баримтжуулах;

8.4.8. Хүүхдийн талаархи мэдээ, судалгааны ил тод болон үнэн зөв байдлыг хангах.

8.5. Стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

8.5.1. Хүнд нөхцөл дэх хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг мэргэжил арга зүйн зөвлөлгөө, дэмжлэгээр хангах;

8.5.2. Хүүхэд төвтэй гэр бүлийн хөгжлийг дэмжсэн зөвлөлгөө, тусламжийг орон нутагт үзүүлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх;

8.5.3. Хүүхдийн, ялангуяа, хүнд нөхцөл дэх хүүхдийн талаархи хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулан тэдгээрийн үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх;

8.5.4. Хүүхдийн төлөө болон төрийн бус байгуулагуудаас хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээг зохион байгуулах, төлөвлөх талаар чиглэл, зөвлөлгөө өгөх, хүүхдэд чиглэсэн салбар дундын болон салбар хоорондын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

8.6. Стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд: 

8.6.1. Хүүхдэд оруулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх;

8.6.2. Хүүхдийн төлөө тогтмол ажиллах сангийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрөнгө хуримтлуулах кампанит ажил өрнүүлж дэмжих, түүний үр дүн, үр нөлөөг сайжруулах, хяналт, зарцуулалтын тайланг ил тод болгох;
8.6.3. Байгаа нөөцийг хүүхдийн төлөө илүү үр ашигтай зарцуулах шинэлэг арга замыг хөгжүүлэх;

8.6.4. Төсвийн удирдлага, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, хувийн болон бусад аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

8.6.5. Хүүхдэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зарцуулалтыг тодорхой, оновчтой болгох талаар хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх;

8.6.6. Хүүхдийн төлөө үндэсний газрын байнгын тогтвортой ажиллагааг хангах талаар хөрөнгө оруулагч байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх;

8.6.7. Төсөвтэй холбогдолтой шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог хангах;

8.6.8. Хүүхдэд зарцуулж байгаа төсөв, хөрөнгийн байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх арга хэлбэрийг боловсронгуй болгох.

8.7. Стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

8.7.1. Хүүхдийн оролцоог шийдвэр гаргах түвшингийн бүтцэд тусгах, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх;

8.7.2. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх;

8.7.3. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангах явдлыг хүүхдийн төлөө байгууллагын нэгэн тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх;

8.7.4. Хүүхэдтэй ажилладаг зөвлөх, сайн дурын ажилтны чадавхийг бэхжүүлж улмаар хүүхдийг чадваржуулах арга барил суулгах, мэдээллээр хангах;

8.7.5. Баг, хороо, сум, дүүрэг, хот, аймаг, үндэсний түвшинд бүтцийн өөрчлөлт хийх замаар хүүхдийн оролцоо, санаа бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэж тусгаж өгөх;
   
8.7.6. Хүүхдийн байгууллагын сурталчилгааны ажлыг чанаржуулахад туслах, тэднийг бодит, ил тод мэдээллээр хангах.

9. Хүүхдийн төлөө үндэсний газрын бүтэц

    Хүүхдийн төлөө үндэсний газрын санал болгож байгаа бүтцийн ерөнхий тогтолцоо дараахи загвартай байна:



   



Хүүхдийн төлөө үндэсний газрын сонгосон бүтцийн стратеги бол байгуулагын хамгийн тохиромжтой матрицан бүтэц юм. Энэ бүтэц нь тус байгууллагыг чадваржуулах, ажилтнуудыг нь хийж байгаа ажил үүргээрээ дамжуулан мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгоно. Хүүхдийн төлөө үндэсний газрын 4 чухал салбар мэдээлэл, сурталчилгаа, чадавхи бэхжүүлэх, захиргааны, мэргэжлийн чадварыг гадаадын төрийн бус байгууллагад дадлага хийлгэх, тэндээс мэргэжилтэн урьж ажиллуулах замаар нэвтрүүлнэ. Үндэсний болон бүсийн зохицуулагчийн хувьд матрицан бүтэцд нэгэн шугам дээр байрлаж байгаа нь мэдлэг, ур чадварын хувьд хөрвөх чадвартай байж байгууллагадаа сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ ажил үүргээ гүйцэтгэхэд нь нэн чухал үүрэгтэй.

10. Удирдлагын эрхлэх чиг үүрэг

10.1. Дарга нь байгууллагын ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэхийн хамт хүүхдийн талаархи бодлого боловсруулах, бодлогын чиглэлээр яам, холбогдох байгууллагад нөлөөлөх, бодлого, шийдвэрийг сурталчлах, түүнээ лоббидох, хөрөнгө өсгөх асуудлыг хариуцна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд байнгын дэмжлэг үзүүлэх замаар тус зөвлөлийн байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааг чадавхижуулах асуудлыг хариуцна. Төрийн зарим чиг үүргийг хүүхдийн төлөө төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг ерөнхий менежерийн хувьд хариуцна.

10.2. Орлогч дарга нь байгууллагын тогтвортой ажиллагааг хангах үүрэгтэй байна. Тухайн албан тушаалтан нь хүүхдийн эрхийн үндсийг мэддэг, хүүхдийн эрхийг дээдэлсэн хөтөлбөр, стратеги боловсруулахад мэргэжсэн, удирдах ур чадвартай  байна. Тэрээр Хүүхдийн төлөө үндэсний газрын өдөр дутмын үйл ажиллагааг хариуцан зохицуулна. Яам, аймаг, орон нутагт өгөх мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтын асуудлыг эрхэлнэ. Мөн хүүхдийн оролцоог идэвхжүүлэх, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг зохицуулна.

11. Хүүхдийн оролцоог бүтцэд тусган өргөжүүлэх стратеги

    Хүүхдийн зохион байгуулалттай оролцоог хангах, хүүхдийн саналыг шийдвэрт тусгах бүтэц нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газартай үндэсний хэмжээнд холбогдсон байдлаар шинээр бүрдэх болно. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага Хүүхдийн парламент буюу хүүхдийн үндэсний чуулганаас сонгогдсон хүүхдийн байгууллагуудын төлөөлөгч хүүхдүүд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орно. Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүүхдийн үндэсний чуулганы ажлын албаны үүрэг гүйцэтгэж тэдэнд арга зүйн болон бусад дэмжлэг үзүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүүхдийн төлөөлөл орон нутгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаас сонгогдон тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүнээр ажиллана. Аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө төвд хүүхдийн зөвлөх, сум, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дэргэд хүүхдийн эрхийн ажилтан ажиллана. Орон нутгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагаас сонгогдсон, эсхүл томилогдсон хүн баг, хорооны түвшинд хүүхдийн элч, хүүхдийн нөхрөөр ажиллана. Баг, хороо бүрт хүүхдийн үүсгэл санаачлагын хамтлаг, зөвлөл, бүлэг, нөхөрлөлийг нэгтгэсэн орон нутгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагатай байх ба орон нутгийн иргэдийн нийтийн хуралд оролцож болно. Хүүхдийн элч, эсхүл хүүхдийн нөхөр бас орон нутгийн хуралд хүүхдийг төлөөлөн оролцоно. Хүүхдийн оролцоог шийдвэр гаргах бүтэцтэй уялдуулах загвар дараахи байдалтай байна:



Хүүхдийн оролцоог шийдвэр гаргах бүтэцтэй уялдуулах загвар

















































Хүүхдийн Төлөө Үндэсний Газрын стратеги, бүтэц
2 жил 5 сарын өмнө

ТОВЧИЛСОН НЭРСИЙН ЖАГСААЛТ

АХТТ -Аймгийн хүүхдийн төлөө төв
АХБ -Азийн хөгжлийн банк
АТХ-ХТББ -Азийн технологийн хүрээлэн, Хөгжлийн төрийн бус байгууллага
ХНХ -Хүнд нөхцөлд байгаа хүүхэд
ХЭТ -Хүүхдийн эрхийн тунхаглал
ХЭК -Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц
ХЭХХ -Хүүхдийн эрхийг хамгаалах хууль
ЗГБ -Засгийн газрын байгууллагууд
ОУХБ -Олон улсын хөдөлмөрийн байгууллага
ОУТББ -Олон улсын төрийн бус байгууллагууд
УСХ -Удирдлагын сургалтын хөтөлбөр
MХО -Монголын хүүхдийн ордон
НХХЯ -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
ХТҮГ -Хүүхдийн төлөө үндэсний газар ( өмнө нь ХТҮХ гэж нэрлэгддэг байсан)
ХТҮЗ -Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
ТББ -Төрийн бус байгууллага
ХХХҮАҮХ -Хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр
АХИС -Английн Хүүхдийг ивээх сан
СБУЗ -Стратеги боловсруулах удирдах зөвлөл
СТАХ -Стратеги төлөвлөлтийн ажлын хэсэг
SWOC -Давуу болон сул тал, боломж болон бэрхшээл (орчны шинжилгээ)
УБ -Улаанбаатар
НҮБХС -НҮБ-Хүүхдийн сан
ДЗОБ -Дэлхийн зөн олон улсын байгууллага

ГАРЧИГ
Оршил
Үндэслэл
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ – ТАНИЛЦУУЛГА БА ҮНДЭСЛЭЛ
I. СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ БА ЗОРИЛГО
II. АРГАЧЛАЛ БА ҮЙЛ ЯВЦ
III. ТАНИЛЦУУЛГА
IV. НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ
ХОЁРДУГААР БҮЛЭГ – ХТҮГ-ЫН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ
1.1. ХЭТИЙН ТӨЛӨВ
1.2. ЭРХЭМ ЗОРИЛГО
1.3. ҮНЭТ ЗҮЙЛС
1.4. ХТҮГ-ЫН НЭР
1.5. ХТҮГ-ЫН БҮТЭЦ
1.6. ХТҮГ-ЫН БАЙР СУУРЬ
1.7. СТРАТЕГИ ЗОРИЛТУУД
1.8. СТРАТЕГИ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ГУРАВДУГААР БҮЛЭГ – ХТҮГ-ЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
2.1. ХЭРЭГЦЭЭ БА БЭРХШЭЭЛИЙГ ЗУРАГЛАН ГАРГАХ НЬ
2.2. АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕД ГАРСАН АСУУДАЛ
2.3. ХЭРЭГЦЭЭНИЙ ЗУРАГЛАЛЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЖИШЭЭН ДЭЭР
ДӨРӨВҮГЭЭР БҮЛЭГ - ДЭД СТРАТЕГҮҮД
3.1. ГАМШГИЙН УДИРДЛАГА БА БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СТРАТЕГИ
3.2. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ ХҮҮХДЭД ТУСАХ СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХЭЭС ХАМГААЛАХ СТРАТЕГИ
3.3. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, БҮТЦЭД ТУСГАН ӨРГӨЖҮҮЛЭХ СТРАТЕГИ
3.4. БАЙР СУУРИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ЛОББИ СТРАТЕГИ
ТАВДУГААР БҮЛЭГ - ХТҮГ-ЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ
4.1. ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ СТРАТЕГИ
4.2. ХТҮГ-ЫН УДИРДЛАГЫН СУРГАЛТ
4.3. ХТҮГ-ЫН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХИЙГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГА
4.4. АЙМАГ, СУМ, БАГТ АЖИЛЛАГСДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГА
4.5. ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГА
ЗУРГАДУГААР БҮЛЭГ - ХТҮГ-ЫН САНХҮҮ, ХҮН ХҮЧНИЙ НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
5.1. ХТҮГ-ЫН ОРОН ТООНЫ ШААРДЛАГА
5.2. ХТҮГ-ЫН НӨӨЦИЙГ ДАЙЧЛАХ СТРАТЕГИ
ДОЛДУГААР БҮЛЭГ - ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ(ХТҮЗ)
6. ХТҮЗ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ДҮРЭМ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
НАЙМДУГААР БҮЛЭГ - АЙМГИЙН ЗАГВАР СТРАТЕГИ-ЗАРЧМУУД
7.1-10. АЙМГИЙН ХТТ-ИЙН ЗАГВАР СТРАТЕГИ-ЗАРЧМУУД
7.11. ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАГСДЫН ХАНДЛАГА, МЭДЛЭГ, УР ЧАДВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
7.12. АЙМГУУДЫГ ӨНГӨӨР ЯЛГАХ ЗУРАГЛАЛ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ – УЛААНБААТАРЫН СТРАТЕГИ
8.1. УЛААНБААТАРЫН ХҮҮХДИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ
8.2-8.12. НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН СТРАТЕГИ төсөл
АРАВДУГААР БҮЛЭГ – ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА
9.1. ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ
9.2. ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ БҮТЦЭД ТУСГАХ
9.3. “ХҮҮХДИЙН ЭЛЧ”-ИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА, СОНГОХ ҮЗҮҮЛЭЛТ
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ - ЗӨВЛӨМЖ, ДҮГНЭЛТ
10. АЖИГЛАЛТ, ЗӨВЛӨМЖ, ДҮГНЭЛТ
11. АШИГЛАСАН МАТЕРИАЛ
12. УУЛЗАЖ АЖИЛЛАСАН ХҮМҮҮС
OРШИЛ
НҮБХС, АХИС, ДЗОУБ-ын санаачлага, тусламжтайгаар, хүүхдүүдийг оролцуулан Монгол улсын Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/-ын стратеги боловсруулах, байгууллагын дүн шинжилгээ хийх ажиллагаанд оролцсондоо бид гүнээ талархаж байна. Энэ ажил биднийг энэхүү сэтгэл татам оронтой гүнзгий танилцах, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүтэц, механизмыг тодорхой мэдэх, юуны өмнө монгол орны хүүхдэд тулгарч буй асуудлуудыг ойлгох боломжийг олголоо. Үйл ажиллагааны явцад хамтрагч талууд болон хүүхдүүдтэй хийж байсан нээлттэй, чин сэтгэлийн ярилцлагууд бидний ажилд ихээхэн тус нэмэр үзүүлсэн. Бидэнд итгэж, бидний хийж буй үйл ажиллагаанд итгэлтэй хандаж, өөрсдөө үнэн сэтгэлээ нээн ярилцаж байсан эдгээр хүмүүст талархал илэрхийлье.
Зарим саад бэрхшээл тохиолдож байсан хэдий ч энэ үйл ажиллагаа нь бүхэлдээ их бүтээлч байлаа. Үйл ажиллагааны төгсгөлд оролцогчдын хандлагад гарсан мэдэгдэхүйц өөрчлөлт нь практик үйл ажиллагаанд нь илрэн, тэдний чадавхи бэхжин нэмэгдэж, байгууллагын хэтийн төлөв, зорилгын талаар тодорхой ойлголттой болсон. Байгууллагын хэтийн төлөвт нийцүүлэн Монгол оронд болон ХТҮГ-т тохирох стратеги төлөвлөгөөг боловсрууллаа. Уг төлөвлөгөө их үр дүнд хүрэх, өндөр зорилгыг агуулсан бөгөөд түүнийг хэрхэн удирдан хэрэгжүүлэхээс түүний хүрэх амжилт шалтгаална. Үүний ач холбогдлыг бүх оролцогч талууд дээд зэргээр үнэлэн, уйгагүй ажиллах шаардлагатай бөгөөд аз болоход тэд үүнийг ойлгож байгаа, энэ ажиллагаанд хичнээн их хүч, хөдөлмөр зарцуулагдах хэрээр түүний үр дүн дэлхий нийтэд үлгэрлэн дуурайх загвар болох болно.
Төслийн багийнхан уг байгууллагын өмнө оршин байгаа эрх, үүргийн хүрээнээс хальсан зүйл хийсэн нь үнэн боловч хүүхдийн асуудал өөрөө олон талтай, иж бүрэн байх шаардлагатай тул төслийг илүү өргөн хүрээ, бүтэц, агуулгаар авч үзсэн. Бидний авч үзсэн энэ цогц хандлага үйл явцыг баяжуулан, олон оронд хүүхдүүдийн зовлон гачигдлын үндэс болсон, тэдний шийдэхээр ихэд чармайж байгаа хүүхдийн асуудлыг хамаарах төрөл, зүйлээр нь ангилан авч үзсэн.
Орон даяар явагдсан хэлэлцүүлэгт 2,4 сая хүн амыг төлөөлсөн 1000 гаруй хүүхэд, хамт олон, хагас мянга гаруй насанд хүрэгчид чин сэтгэлээсээ оролцон, стратегийн үндсийг тавих явцдаа чадваржин, суралцаж байсан. Мөн хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хүүхдүүд орон нутгийнхны зүгээс тавигдах суурь хэрэгцээ, хүмүүст тулгамдан буй асуудалд үндэслэн уг стратегийг боловсруулсан учир орон даяар хэрэгжих эрх, үүргийг олгосон ба хэвшил болсон, хэт төвлөрсөн хандлага бүхий хуурай онолд тулгуурлан хийж хэрэгжих бололцоог хязгаарлагдмал болгохоос бид зайлсхийж байсан.
Өөрийгөө танин мэдэх үйл явц хамгийн чухал нь байсан. Энэ нь ХТҮГ-т болон хүүхдүүдийн зүгээс хамгийн хурц тодоор, насанд хүрэгчдийн чин сэтгэлээс илрэн гарч байсан. Тэд хэтэрхий удаан хугацааны турш юу хийхээ бусдаар заалгаж ирсэн ба одоо өөрсдийн ирээдүй, амьдралын жолоог атгах цаг болсон гэдгийг ойлгож байсан. Энэ ажиллагаанд оролцсон бүх хүмүүсийн бодол санааг нэгтгэн энэ стратегийг боловсруулсан учир энэ баримт бичгийг эзэмшигч нь тэд байх болно.
Энэ үйл ажиллагаанд оролцож, хувь хүнийхээ хувьд бид их зүйлийг суралцсан учир энэ ажилд өөрийн өчүүхэн хувийг нэмэрлэсэн нь бидний хувьд азтай завшаан боллоо. НАНДАНА
РЕДДИ               Э.СУМЪЯА
I. СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ БА ЗОРИЛГО
2003 оны 5 дугаар сард бидэнд, ХТҮГ-ын стратегийг монгол орны хүүхдүүдийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулах ажилд туслах хүсэлт тавьж, зөвлөхөөр ажиллуулах болсон. Нандана Рэдди олон улсын зөвлөхөөр, Э.Сумъяа, Ц.Эрдэнэчимэг нар үндэсний зөвлөхөөр ажиллаж, төслийн явцад өөр өөр цаг хугацаанд ажил үүргээ хийж гүйцэтгэсэн. Зөвлөгөө өгөх ажил 3 удаагийн цуврал ажиллагаа болон хийгдсэн бөгөөд нэгдүгээр үе нь 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 1 хүртэл, хоёрдугаар үе нь 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 28 хүртэл, сүүлчийн үе нь 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 6 хүртэл үргэлжилсэн.
Нэгдүгээр үед, бид Монгол орны хүүхдийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд хүүхэдтэй холбогдол бүхий төрийн бодлого, хууль тогтоомжууд, төрийн бүтэцтэй, ялангуяа ХТҮГ, ХТҮЗ-тэй танилцсан. Хоёрдугаар үе шатанд байгууллагын дүн шинжилгээ хийж, стратеги боловсруулсан. Энэ үйл ажиллагаа хүүхдийн эрхийг үндэс болгон хүүхдийн оролцоонд тулгуурласан. Сүүлчийн үе шатанд бид хэрэгцээтэй лобби хийж, бичиг баримт, тайланг эцэслэн боловсруулав.
Олон улсын зөвлөхийн ажлын дэлгэрэнгүй удирдамж:
Зорилтууд
1. ХТҮГ-ын эрх үүрэг, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлох, тэдгээрийг хүүхдийн эрхийг хамгаалахад хандуулан сайжруулах;
2. Гол оролцогч талуудыг тогтоох, оролцогч талуудтай хамтран байгууллагын гадаад дотоод орчинд орших байгууллагуудын дүн шинжилгээг хийх;
3. Аймгийн ХТТ, ХТҮГ-ын хүүхдийн эрхийг хамгаалах салбарт гүйцэтгэх үүрэг, бүтцийн талаархи ойлголтыг дээшлүүлэх, хоорондын зохицуулалт, мөн олон улсын болон үндэсний хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагууд, ХТҮЗ, яамдын болон орон нутгийн түвшин дэх бүтэц хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;
4. Орон нутгийн хүүхдийн байгууллагын стратегич хандлага, төлөвлөх ур чадварыг дээшлүүлэх
5. ХТҮГ, аймгийн ХТТ-ийн захиргаа, санхүү, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, хэрэгжих бодит үндэслэл бүхий стратеги төлөвлөгөөг боловсруулах, бүх түвшинд зөвшилцөх
Үндэсний зөвлөхийн ажлын дэлгэрэнгүй удирдамж:
Төслийн зорилготой холбогдуулан, үндэсний зөвлөх дараахь ажлыг хийж гүйцэтгэв:
• Олон улсын зөвлөхийг шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа шинжилгээний дүнгээр хангах
• Олон улсын зөвлөхтэй харилцан зөвшилцөж, ХТҮГ-т байгууллагын дүн шинжилгээ хийх
• Семинар, сургалтын хөтөлбөр боловсруулах, ХТҮГ-ын нэн тэргүүний зорилтыг тодорхойлох зорилгоор оролцогч талууд болон зорилтот бүлгүүдтэй ярилцлага хийх
• Аймгуудад хийгдэх хэлэлцүүлэгт бэлтгэхэд туслах, хэлэлцүүлэг явагдах хүрээ, зорилго, арга зүйг боловсруулах
• Улс даяар явагдах хэлэлцүүлгийн арга зүйг боловсруулахад нь ХТҮГ болон СБУЗ-д туслах, аймаг, нийслэлд явагдах хэлэлцүүлэгт оролцох, хэлэлцүүлгийн явцыг хянан шинжилж, үр дүнг нэгтгэн шинжлэх
• Хэлэлцүүлгийн үр дүнг задлан дүгнэж, аймаг, нийслэлийн стратеги төлөвлөгөө хийх, стратеги төлөвлөгөөний бүх бүрэлдэхүүн хэсгийг боловсруулахад нь ХТҮГ-т туслах,
• ХЭК-ийг хэрэгжүүлэх шинэ хандлагад суралцах, олон улсын зөвлөхтэй ажиллах явцдаа хүүхдийн эрхийн талаар болон байгууллагын дүн шинжилгээ хийх талаар, стратеги боловсруулах орчин үеийн шинэ арга барилд суралцах, мэдлэг олж авах
• ХТҮГ-ын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор, байгууллагын дүн шинжилгээ хийх, стратеги боловсруулах, удирдлагын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлын байранд нь сургалт явуулах
• Олон улсын зөвлөх болон СБУЗ-ын хүсэлтээр өөр бусад даалгавар гүйцэтгэх
Үр дүн
• ХТҮГ болон орон нутгийн хүүхдийн байгууллагын эрх үүрэг, чиг хандлага, тэдний хоорондын харилцаа тодорхой болж байгууллагын хэтийн төлөв, эрхэм зорилго, үнэт зүйлсийг багтаасан ирэх 5 жилийн стратеги төлөвлөгөө боловсрогдож, хэрэгжих арга зам нь тодорхойлогдоно.
• Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн, хөрөнгийн нөөцийг тооцоолж, хүүхдийн эрхийг хамгаалах, хяналт шинжилгээ хийх ХТҮГ-ын шинэ чиг үүрэгтэй нь холбогдон гарч ирэх хүчин чадавхийг хэрхэн бий болгох талаар тодорхой зөвлөмж өгөгдөнө.
• Байгууллага, боловсон хүчний зорилгоо биелүүлэх, үндсэн үүргээ биелүүлэх хичээл зүтгэл нэмэгдэж, үр дүнг тооцох, хяналт шинжилгээ хийхэд хялбар болон, байгууллагыг олон нийт, хамтран ажиллах боломж бүхий хандивлагч байгууллагад таниулах болно.
• Хүүхдийн байгууллагын бүх түвшинд төлөвлөх, зорилгыг ач холбогдлоор нь зэрэглэх чадвар нэмэгдэж, орон нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахад хэрэгтэй мэдээлэл, мэдлэг, арга хэрэгслийг боловсруулж, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх болно.
Арга зүй
ХТҮГ-ын стратеги боловсруулах ажиллагаа нь дараахи зорилтуудыг хангахад чиглэгдэн боловсрогдсон: (1) Монгол орны хүүхдийн эрхийг хамгаалах салбарыг хянан шинжлэх, нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, (2) хэлэлцүүлэгт орон нутаг болон бүс нутгуудыг оролцуулах, (3) Стратеги төлөвлөгөөний төсөл гарахаас өмнө оролцогч талуудын хамтын зөвшилцөлд хүрэх, (4) бүх шатны хүүхдийн байгууллагын төлөвлөх чадварыг дээшлүүлэх.
Энэхүү тавигдсан зорилготой нийцүүлэн дараахи арга хэмжээг хэрэгжүүллээ:
1. Бэлтгэл ажлын хүрээнд төсөл хэрэгжих бүтцийг бий болгон, Вьетнам улсад явж олон улсын туршлага судлав
2. Арга зүйг боловсруулах ажлын хүрээнд ХТҮГ-ын эрх үүрэг, эрхэм зорилгыг тодорхойлсон.
3. Орон нутгийн засаг захиргааны ажилтан, олон нийтийг төлөөлөх манлайлагчид, хүүхдүүд, хүүхэдтэй ажилладаг бусад байгууллагын төлөөлөгчидтэй хамтран байгууллагын дотоод, гадаад орчны дүн шинжилгээг хийж, одоогийн байгаа нөөц бололцоо, стратегийг хэлэлцлээ.
4. Аймаг, бүсийн зөвлөлгөөн болон стратеги боловсруулах шатанд, бүх аймаг болгонд 2 өдрийн хугацаатай явагдсан хэлэлцүүлгээр стратегийн асуудлууд, түүнд хандах чиг хандлагыг тогтоож, шийдвэр гаргахад асуудлуудыг үр ашигтай хэрэглэж болох эсэх талаар дүн шинжилгээ хийв.
5. Стратеги төлөвлөгөөг үндэсний хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, зөвлөмж өгөн эцэслэн боловсруулав.
Төслийн зорилготой нийцүүлэн олон улсын зөвлөх дараахи ажлыг хийж гүйцэтгэв:
• ХТҮГ-ын өнөөгийн үнэт зүйлс, эрхэм зорилго, эрх үүргийг үнэлэн үзэж, түүнийг ХТҮГ-ын хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй нь зохицуулан хэрхэн сайжруулан боловсруулахыг тодорхойлсон.
• ХТҮГ-ын хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй нь зохицуулан түүний эрх үүргийн хэм хэмжээг хэрхэн сайжруулан боловсруулах талаар зөвлөмж өгөн, үйл ажиллагааны хүрээг тогтоосон.
• ХТҮГ-ын чадавхийг бэхжүүлэх, зохицуулалт хийх, төлөвлөх, хэрэгжүүлэх гэх зэрэг үйл ажиллагааны тодорхой талбарыг тодорхойлов.
• ХТҮГ, орон нутгийн хүүхдийн байгууллагын харилцааг бэхжүүлэх зөвлөмжийг боловсруулав.
• Үндэсний зөвлөлдөх үйл ажиллагаанд олон улсын туршлагыг нэмэр болгох, бусад оронд хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар олон улсын туршлагаас суралцах зорилгоор Олон улсын бүгд хурал хэрхэн зохион явуулах талаар зөвлөмж өгөв. Хийж гүйцэтгэсэн ерөнхий ажил:
Хүүхэд хамгааллын тухай ерөнхий бүрэлдэхүүн хэсэг, гарч буй зай завсар, тулгарч буй бэрхшээлд хамааралтай бодлого, хөтөлбөрийн баримт бичиг, холбогдох хууль тогтоомжинд дүн шинжилгээ хийсэн:
• ХТҮГ-ын нэн тэргүүний хэрэгцээг тодорхойлох зорилгоор оролцогч талууд, хувь хүмүүс, зорилтот бүлгийн хүмүүстэй уулзаж ярилцах, семинар, сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгцээтэй үед орон нутагт ажиллах
• ХТҮЗ-ийн гишүүд, Засгийн газрын удирдах албан тушаалын хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөгч оролцогч талуудтай Монгол оронд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрсэн.
II. ҮЙЛ ЯВЦ БА АРГА БАРИЛ
Олон улсын зөвлөхийн ажилласан үе шатнаас хамаарч төслийн үйл явц 3 хэсэгт хуваагдана.

Нэгдүгээр хэсэг:
Энэ хэсэгт Монгол орны хүүхдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох хууль, тогтоомж, бүтэц, үйл ажиллагаатай танилцсан. Энэ ажлын хүрээнд ХТҮГ, ТББ, ОУТББ, хүүхдүүдтэй хийсэн ярилцлага, зорилтот бүлгийн хэлэлцүүлэг явагдсан. Мөн мэдээллийн хоёрдогч эх үүсвэрт дүн шинжилгээ хийсэн. СБУЗ-ийн гишүүдтэй бүлгээр нь болон ганцаарчлан уулзаж ярилцсан. Бүх ярилцлага ярилцагч талуудын өөрийн үнэлгээг хөгжүүлэхэд чиглэгдэж байсан, зөвлөх тэдэнд юу хийвэл зохих талаар өөрийн санааг тулгаагүй. Тухайн ажлын тайлан СБУЗ-д хүргэгдсэн. Үндэсний зөвлөх нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд тайлагнасан.

Хоёрдугаар хэсэг: (1 ба 2 дугаар хэсгийн хоорондын хугацааг оролцуулна)

ХТҮГ, СБУЗ-ийн гишүүд, хүүхдүүдийн оролцоотойгоор стратеги боловсруулсан. Стратеги боловсруулах сургалтыг хүүхдийн эрхийн талаар, стратеги боловсруулах ба улс даяар явагдах хэлэлцүүлгийн үндэс болох хүүхдийн оролцоонд тулгуурлан ерөнхий мэдлэг, мэдээлэл олгох зорилготой зохион явуулсан. Сургалтын бүх сэдэв нь оролцогчдын мэдлэгт тулгуурласан ба тэднийг зөвхөн өөрсдийн дүгнэлтийг хийхэд нь туслаж байлаа.

Хүүхдийн эрхийн сургалт нь дараахь зорилготой байсан:

1. Хандлагад өөрчлөлт хийх
2. Хүүхдийн эрхийн талаар мэдлэг, мэдээлэл өгөх, ур чадвар

Сургалт:

• Хүүхдийг ойлгох
• ХЭТ-ын үндсэн зарчмууд
• Хүүхдийн оролцоог хангах
• Ардчилсан төлөөлөл
• Хүүхдийн өөрийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн хэсэг
• Монгол оронд хүүхэд хамгаалах бүтцэд хүүхдийн оролцоог хэрхэн тусгах
• Хүүхэд эрхээ эдлэхэд насанд хүрэгчдийн гүйцэтгэх үүрэг
• Хүүхэд насанд хүрэгчдийн хамтын ажиллагаа түншлэл
• Хүүхэдтэй ажиллаж байгаа насанд хүрэгчдэд тавигдах ур чадвар, мэргэжлийн хэм хэмжээ Хүүхдийн эрхийн тухай сургалтанд Dhruva байгууллагын боловсруулсан загварыг хэрэглэсэн.

Дараахь 2 зүйлийн зорилгыг гүйцэлдүүлэхээр стратеги боловсруулах сургалт явагдсан:

1. Стратегич байх, оролцогч талуудын зүгээс хэтийн төлөвийг бүтээлчээр, мэдрэмж сайтай томъёолж буй нөхцөлд байгууллагын чиг үүргийг хэтийн төлөвтэй нийцүүлэн уялдуулах
2. Хэтийн төлөвийг хэрэгжих бодит алхам бүхий, ажил хэрэг болгон өөрчлөх

Сургалт:

• Орчны дүн шинжилгээ хийх замаар Монгол орны хүүхдүүдийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
• Байгууллагын хэвийн төлөв байдал, ирээдүйн дүр зургийг бүтээх
• SWOC дүн шинжилгээний явцад байгууллагын өнөөгийн байр байдлыг тодорхойлох
• Байгууллагын эрхэм зорилгыг тодорхойлон, байгууллагын оршин байхын эх үндсийг гаргах
• Байгууллагыг засагладаг үнэт зүйлсийг тогтоох
• Хэтийн төлөвийн бүрэлдэхүүн хэсгүүдийг ач холбогдлоор нь зэрэглэн тодорхойлж, байгууллагын хүрэхээр зорьж буй хамгийн гол зорилго болгон томъёолох
• Эрхэм зорилготоо хүрэх стратеги зорилтуудыг тодорхойлох
• Хэтийн төлөвт хүрэх стратегийг тодорхойлох

Стратеги боловсруулах энэ ажиллагаанд олон улсын зөвлөх байгууллагын дүн шинжилгээ хийх, стратеги боловсруулахад зориулагдсан Хөгжлийн төлөө ТББ-д зориулсан Байгууллагын дүн шинжилгээ хийх гарын авлага номын загварыг хэрэглэсэн.

1 ба 2 дугаар хэсгийн дундах хугацаанд оролцогсдыг хүүхдийн эрхийн сургалтанд бэлтгэх, төслийн нэгдүгээр үеийн тайланг, цаашид хийх ажлын заавартай хамт ХТҮГ-т илгээх зэрэг ажил багтсан. Үндэсний зөвлөх хүүхдийн өнөөгийн байдал болон ХТҮГ-ын үйл ажиллагаанд шинжилгээнүүд хийж олон улсын зөвлөх болон ХТҮГ-т тайлагнаж байв.

Гуравдугаар хэсэг: (2 ба 3дугаар хэсгийн хоорондын хугацааг оролцуулна):

Хэсгүүдийн хоорондох энэ хугацаанд аймгийн хэлэлцүүлгүүд явагдсан. Гуравдугаар хэсэгт аймгуудын хэлэлцүүлэгт хяналт тавих, үр дүнг нэгтгэх, ХТҮГ-ын стратегийг эцэслэн боловсруулах, бүх тайланг эцэслэх, лобби хийх төлөвлөгөө гаргах, эцсийн тайлан бичигдэх зэрэг гол ажлууд хийгдсэн. Үндэсний зөвлөхийн 2 ба 3 дугаар хэсгийн хооронд хийсэн ажлын тайлан, дүгнэлтүүд олон улсын зөвлөх, ХТҮГ-т хүргэгдэж байсан болно.
Дэд стратегиуд боловсрогдсон бөгөөд зарим нэмэлт баримт бичгүүдийг бэлтгэсэн. ХТҮГ-ын санхүүгийн болон боловсон хүчний шаардагдах эх үүсвэрийг тодорхойлж, энэ талаархи тайлан эцэслэн боловсрогдсон. Хамгийн сүүлчийн тайландаа олон улсын зөвлөх болон үндэсний зөвлөх зөвлөмж, санал дүгнэлтийг багтаасан. Төгсгөлд нь хэлэхэд, бүх үйл явцыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд цаашид хэрэгжүүлэх арга замын талаар ХТҮГ, СТУЗ-тэй ярилцсан болно.


Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2