English | Mongolian Нүүр хуудас | Холбоо тогтоох
9 сарын 1, Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!________________ Хүүхдүүдээ! Аливаа аюул, осол, гэмт явдлаас өөрийгөө хамгаалж, сэрэмжлээрэй! _________________2010 он Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. _________________Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ЗӨВЛӨМЖ ирүүлээд байна._______________Хүүхдээ дэмжиж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж, бахархан дууриах хүн нь байцгаая !!!

Үндсэн цэс

 
Хүүхдийн бие махбодь, сэтгэл санааны эсрэг шийтгэл хэрэглэх нь: 
Ямар ч тохиолдолд шийтгэх ёсгүй
Шийтгэхгүй байх боломжгүй
Шийтгэх, шийтгэхгүй нь хүүхдээс шалтгаална
Шийтгэх, шийтгэхгүй нь насанд хүрэгчдээс хамаарна
 
 Үр дүнг харах (149)
 
 
 
Онцлох, шинэ үйл явдал
“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ, ТӨЛӨВШЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ” НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНАЛ, ЗӨВЛӨМЖ
   УИХ дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих бүлэг”-ээс санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газар, Хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулж, хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажиллагсад, гэр бүл, хүүхэд, хүн судлалын эрдэмтэн, судлаачид, багш, нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийнхэн, иргэд, олон нийт, эцэг эх, хүүхдийн төлөөлөл 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломж”-ийн талаар нээлттэй хэлэлцсэний дүнд дараах САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ гаргаж байна.
Үүнд:
Нэг. Монгол төр нийт хүн амын 40.4 хувийг эзэлж байгаа хүүхдийн асуудлыг Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, уламжлал шинэчлэлийн цөм бүрэлдэхүүн хэсэг болохыг онцгой анхаарч, төрийн бодлогын үндэст авч үзэх:
1.1. Гэр бүл, хүүхдийн асуудлын тэргүүлэх чиглэлийг оновчтой эрэмбэлэх, салбар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлж, 2011 оныг “Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлах;
1.2. Монгол гэр бүл, хүүхэд судлалыг хөгжүүлж, хүүхэд судлалын үндэсний мэргэжилтэнг шинээр бэлтгэх асуудлыг судалж, шийдвэрлэх;
1.3. Хүүхдийн өсөлт, хөгжилтөд онцгой үүрэгтэй хүүхдийн зуслан, хөгжлийн ордон, амралт, сувилал, асрамж, халамжийн газар, олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр, үйлчлүүлэгч хүүхдэд нь хувьсах зардлыг олгох замаар төрөөс дэмжих;
1.4. Урлаг, соёл, спортоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэх арга зүйг түгээн дэлгэрүүлж, үндэсний болон олон улсын хэмжээний наадам, фестивалиудыг төрөөс санхүүжүүлэн зохион байгуулах;

Хоёр. Өнөөгийн нийгэмд хүүхэд хүчирхийлэл, гэмт хэрэг, гэр бүл салалт, задралын золиос болж байгаад онцгой анхаарч, хүүхдийн эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх,
2.1. Хүүхдийн эрхийн наад захын стандарт, журмыг тогтоох. Үүнтэй холбоотой хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үүсгэл санаачлагыг дэмжих;
2.2. Хүүхдийг хил дамнуулан худалдаалах, садар самуунд уруу татах, архи, тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг хянах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа сөрөг мэдээлэл, хүчирхийллийг хязгаарлах, мэдээллийн технологийн зүй бус хэрэглээг зохицуулах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд санал оруулах, энэ чиглэлээр төрийн хяналтыг чангатгах;
2.3. Шинээр батлагдан гарч байгаа болон шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт орж байгаа аливаа хууль, тогтоомжийг Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн үндсэн зарчимд нийцүүлэх;
2.4. Хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлыг таслан зогсоох, гэмт этгээдэд хариуцлага тооцох, хүүхдийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Хүүхэд хамгааллын бие даасан хуультай болох,
2.5. Хүүхдэд аюулгүй тоглоом, хэрэгсэл үйлдвэрлэх, тоглоомын болон биеийн тамирын талбай барьж байгуулах ажлыг төрөөс дэмжих орчныг бүрдүүлж, чанар стандартыг шаардлагыг хангуулах,

Гурав. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй хэвлэл, мэдээллийн хүчирхийлэл, цахим тоглоом, интернэт, архи, тамхи, мансуурал, донтолт, гэмт хэрэг зэрэг нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хариуцлагын тогтолцоог сайжруулах,
3.1. Хүүхдийн биеийг үнэлүүлсэн гэмт этгээдтэй хариуцлага тооцохгүй, хохирогч болсон хүүхдийг “гэмт хэрэгтэн” гэж үзэж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд “хохирогч”-ийн асуудлыг тодорхой тусгаж, эрх ашгийг нь хамгаалах зохицуулалтыг бий болгох,
3.2. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хэвлэл, мэдээллийн соён гэгээрүүлэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх. Хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр гарч байгаа кино, нэвтрүүлэг, шоу цэнгээний хөтөлбөрт насны хязгаарлалт тогтоох асуудлыг хуулиар зохицуулан, үүнд тогтмол хяналт тавих бүтцийг бий болгож, хүүхдэд хүмүүжлийн эерэг арга хэрэглэх арга зүй, гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлтийн сургалт, хичээлийг телевиз, сонин хэвлэлээр явуулах,
3.3. Хүүхдийг зодож шийтгэдэггүй байх хуулийн зохицуулалтыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” болон бусад холбогдох хуулинд, хүүхдийн өмчлөлийн эрхийг “Гэр бүлийн тухай” хуулинд тус тус тодорхой тусгах замаар эцэг, эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх,
3.4. Хүүхдэд архи, тамхи худалдан борлуулж байгаа явдалтай тууштай тэмцэж, ийм зөрчил гаргасан этгээдийн тусгай зөвшөөрлийг хураах, дахин олгохгүй байх зэргээр хуулийн хариуцлагын хэм, хэмжээг нэмэгдүүлэх,
3.5. ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөх хичээл оруулж, багшийн үйл ажиллагааг сурагчдын хүмүүжил, төлөвшлийн үзүүлэлтээр дүгнэдэг механизмыг боловсролын салбарт бий болгох,

Дөрөв. Эцэг өвгөдөөс үлдээсэн хүүхдээ хүмүүжүүлэх
                              “0 – 3 насанд нь ХААН МЭТ ХҮНДЭЛ
                               3 – 7 насанд нь ХАТАН МЭТ ХАЛАМЖИЛ
                               8 – 13 насанд нь ХАРЦ МЭТ ДАГУУЛ
                             14 – 17 насанд нь ХАНЬ МЭТ ЗӨВЛӨ” гэсэн ухааныг эцэг, эх бүр зайлшгүй мэдэж, хэрэгжүүлэхийг санал, зөвлөмж болгож байна.

НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧИД
2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 15
ТӨРИЙН ОРДОН
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл

Хэлсэн үг, илтгэлүүд

 

Асуулт/Хариулт

Асуулт асуух
*Нэр
*Имэйл
*
 
 
 
 
 
Web stats©2008 Хүүхдийн Төлөө Газар
Developed by: miniCMS™ v2